Mongolian Version of the Political Economy of Peer Production

From P2P Foundation
(Redirected from Mongolian version)
Jump to navigation Jump to search

“Нөхөдөөс нөхдөд” хэмээх үйлдвэрлэлийн эдийн засгийн улс төр нийгмийн байгуулал

Зохиогч: Мишель Бауэнс, [email protected]

Translator: E. Bulgan

The pagination is from original Word document in English. Here it is Political Economy of Peer Production.

“Нөхөд” хэмээх үйлдвэрлэлийн улс төрийн эдийн засаг 1

P2P –ийн тодорхойлолт 1

P2P-ийн дэд бүтэц 2

P2P-ийн шинж чанар 3

P2P болон бусад үйлдвэрлэлийн арга хэлбэрүүд 4

P2P болон бэлэг солилцооны нийгэм 6

P2P болон нийгмийн шатлал 6

P2P болон нийтээр хуваан эзэмших 7

P2P болон Зах зээл: P2P-ийн дотоод орших чанар болон ангид орших чанар 8

P2P болон зах зээл 8

P2P болон капитализм 9

P2P болон нетархистууд 10

P2P-ийн капиталист нийгмээс ангид шинж чанар 11

P2P хэлбэрийн үйлдвэрлэлийн өргөжин тэлэлт 12

Эх сурвалжууд 13

Нэмэлт мэдээлэл: 13

Ашигласан ном зохиол 13

Зохиогчийн талаар 15


Карл Маркс Английн Манчестер дахь гар үйлдвэрүүдийг шинэ капиталист нийгмийн эхлэл хэмээн тунхагласнаас хойш өдийг хүртэл бидний нийгмийн амьдралд томоохон хувьсал өөрчлөлт гарсангүй. Харин улс төр, эдийн засаг, нийгмийн системүүд өөрсдөө түгээлтийн сүлжээ (distributed network) болох хувьсал эхэлсэнээр “нөхдөөс нөхдөд” (peer-to-peer буюу P2P) хэмээх шинэ хүний нийгмийн хувьсалын үндэс тавигдав. P2P нь гуравдагч үйлдвэрлэлийн хэлбэр, гуравдагч засаглал, гуравдагч өмчийн хэлбэрийн эхийг тавьж, өнөөгийн улс төрийн эдийн засгийг урд өмнө байгаагүй шинэ шатанд гаргаж байна. Энэ өгүүлэл нь энэхүү нийгмийн шинэ үйл явцыг таньж мэдэхэд зориулагдсан “P2P-ийн онол” хэмээх ойлголтын загварыг хөгжүүлж, эх үндсийг тавихад зорьсон болно.


P2P –ийн тодорхойлолт

“Нөхдөөс нөхдөд” буюу P2P нь түгээлтийн сүлжээнд болж буй санамсаргүй нэг үйлдэл, үйл явц бус: энэ нь нэн ялангуяа адил боломжит оролцогчдын хамгийн өргөн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдэл юм. Бид энэхүү нэр томъёог P2P – ийн үйл явцыг тодруулан таниж мэдэх явцадаа тодорхойлох болно. Хамгийн ерөнхий бөгөөд гол шинж чанаруудыг тодорхойлоход:

P2P нь доорх үйл ажиллагааг бий болгоход чиглэсэн үйл явц юм:


- Түгээгдэж буй өмчид нэвтрэх эрх бүхий үйлдвэрлэгчдийн хэрэглээний үнэ цэнийг бий болгох чөлөөт хамтын ажиллагааг бүтээх. Энэ нь P2P үйлдвэрлэлийн хэлбэр буюу “гуравдагч үйлдвэрлэлийн хэлбэр” бөгөөд ашгийн төлөөх болон улсын өмчийн үйлдвэрлэлийн байгууллагуудаас ялгаатай. Энэхүү үйлдвэрлэлийн хэлбэр нь зах зээлийн арилжааны үнэлгээ өртөг бус харин тухайн сонирхлын бүлгийн хэрэглэгчдийн хэрэглээний үнэт чанарыг бий болгох зорилготой.

- Үйлдвэрлэлийн үйл явц болон шийдвэр гаргах эрх нь сонирхлын бүлэг буюу үйлдвэрлэгчдэд (продюсерүүд) оногдох бөгөөд зах зээлийн хуваарилалт болон корпорацийн шаталсан удирдлагаас үл хамаарна. Энэ нь P2P засаглалын хэлбэр буюу “гуравдагч засаглалын хэлбэр” юм.

- Мөн шинэ нийтээр эзэмших зарчмын дагуу энэхүү хэрэглээний үнэ цэнийг нийтэд хүртээлтэй байлгах үндсэн дээр чөлөөтэй нэвтрэх боломжийг бий болгох зорилготой. Энэхүү түгээлтийн арга барил буюу “өмчийн хэлбэр” нь хувийн болон олон нийтийн (улсын) өмчөөс ялгаатай “өмчийн гуравдагч хэлбэр” -ийг бий болгож байгаа юм.


P2P-ийн дэд бүтэц

Энэхүү P2P хэмээх үйл явцын эхлэлийг тавихад чухам юу хэрэгтэй вэ?

Эхний шаардлага нь нөхдөөс нөхдөд үйл ажиллагаа явуулах буюу “тогтмол капитал”-д “нийтээр нэвтрэх” (distributed access) боломж олгох технологийн дэд бүтэцтэй байх юм.

Аливаа логикийн үйлдлийг гүйцэтгэгч машин болох хувийн компьютерүүд нь үйлдвэрлэгчид бага өртгөөр худалдан авах боломжтой түгээмэл “тогтмол капитал”-ийн хэлбэр юм.

Интернет нь сүлжээний цэгийн хувьд тогтсон төвийн холболтын шаардлагагүйгээр комьютер хэрэглэгчдийн оролцоог хангах зорилгоор зохиогдсон билээ. Энэ нь хэдийгээр өөрийн оролцогчдын гарт бүрэн шилжээгүй боловч түгээлтийн засаглалын хяналтын дор ямар нэгэн хувийн болон улсын байгууллагын дарангуйллын гадна оршиж байна. Үүний шаталсан удирдлагын элементүүд нь (тухайлбал давхарласан IP протоколууд, төвлөрсөн бус домэйн нэрийн систем гэх мэт…) зэрэг нь хэрэглэгчдэд саад учруулдаггүй байна. Түүнчлэн сүлжсэн харилцаа буюу meshwork хэмээх интернетийн логик өргөтгөл энд хамаарна. Утсан холболтууд нь мөн интернетийн логик өргөтгөлүүд болж болно. Энэхүү арга замаар аливаа тоног төхөөрөмжүүд илүүдэл боломж чадавхийг ашигласнаар өмнө нь оршиж байсан дэд бүтцийн хэрэгцээнээс зайлсхийж өөрсдийн сүлжээг бий болгоно. ‘Wi-Fi нийгэмлэг' хөдөлгөөн, Нээлттэй хүрээг дэмжих зөвлөл (Open Spectrum advocacy), файл сонгох телевиз, болон мешуоркт тулгуурласан альтернатив холбоо харилцааны дэд бүтэц зэрэг нь энэхүү чиг хандлагын жишээнүүд юм.

Хоёрдугаар шаардлага нь харилцагч талуудын хооронд бие даасан хараат бус холбоо харилцааг бий болгох боломж бүрдүүлэх альтернатив мэдээлэл, холбоо харилцааны систем байх хэрэгтэй юм.

Вэб, нэн ялангуяа бичигдэх боломжтой вэб буюу Writeable Web (тухайлбал вэб 2.0 буюу бүтээгдэх шатандаа байгаа вэб) нь бичигдсэн материалуудын бүх талын бие даасан үйлдвэрлэл, түгээлт, “хэрэглээ”-г бий болгох боломжийг олгоно. Мөн түүнчлэн подкастинг болон вэбкастингийн хөгжил нь аудио болон аудиовизуаль бүтээлд зориулсан “альтернатив мэдээлэл болон холбоо харилцааны дэд бүтцийг” бий болгоно. Энэхүү дэд бүтэц оршин байх явдал нь уламжлалт хэвлэн нийтлэх, түгээн дамжуулах байгууллагуудын (сонин, радио, телевиз г.м.) завсрын оролцоогүйгээр бие даасан автономит агуулга бүхий бүтээл бий болгох боломж бүрдүүлнэ. Гэвч шинэ завсрын хяналтын хэлбэрүүд гарч болохыг үгүйсгэхгүй юм.

Гуравдагч шаардлага нь дэлхий дахины бие даасан хараат бус хамтын ажиллагааг бүрдүүлэх “програм хангамж”-ийн дэд бүтэц байх шаардлагатай. Иргэдийн холболтууд, нийтийн тоо бүртгэлийг зохицуулж, нийгмийн итгэлцэл болон нийгмийн үнэт зүйлсийг бүрдүүлэхэд чиглэсэн шинээр гарч ирж буй нийтийн сүлжээний хэлбэрийн програм болох блог, вики зэрэг хамтын ажиллагааны хэрэгслүүд нь завсрын үйлдвэрлэлийн болон түгээлтийн ашгийн бус байгууллагуудын оролцоогүйгээр хэрэглээний үнэ цэнийг бий болгох дэлхийн хэмжээний бүлгүүд үүсэх боломжийг бүрдүүлсэн билээ.

Дөрөвдөгч шаардлага нь хэрэглээний үнэт чанарыг бий болгох боломжийг бүрдүүлж, үүнийг зөвхөн ганц нэг хүний буюу байгууллагын хувийн явцуу ашиг хонжоонд ашиглах явдлаас хамгаалах хуульзүйн дэд бүтэц юм. Ерөнхий олон нийтийн лиценз буюу (The General Public License, GPL) нь програм хангамжийн код, холбогдох Нээлттэй эх сурвалжын мэдээлэл (Open Source Initiative), мөн зарим хэвлэх эрхийн Бүтээлч хамтын лиценз (Creative Commons license)-ийн хувилбаруудыг өмчлөх явдлыг хориглодог. Энэ нь нийтээр хэрэглээний үнэ цэнийг хамгаалж өөрийгөө тархаахын тулд утсан шинж чанарыг ашигладаг. GPL болон бусад холбогдох материалууд нь өөрсдийн тохиргооны эх сурвалжийн кодыг олон нийтийн домэйнд тохируулсан төслүүдэд ашиглагдах зөвшөөрөлтэй байдаг.

Тавдугаар шаардлага нь соёл заншилд хамаарна. Олон нийтэд оюун ухааны санг тархаах, өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний оюун ухаанлагийг түгээх, мөн онтологи буюу мэдрэхүй болон оршихуйн арга зам, эпистемологи буюу танин мэдэхүйн арга зам, мөн аксиологи буюу үнэлэмжийг тодорхойлохуйд нөлөөлөх холбогдох өөрчлөлтүүд нь P2P төслүүдийг бүтээх чадавхи бүхий ухамсарыг бүрдүүлэх хамтрагч индивидуализмыг бий болгоход чухал ач холбогдолтой байсаар ирсэн билээ.


P2P-ийн шинж чанар

P2P –ийн үйл явцууд нь түгээх сүлжээнд тохиолдоно. Түгээх сүлжээнүүд нь бусад жирийн сүлжээнүүдээс ялгаатай: тэдгээр нь бие даасан агентууд өөрсдийн шинж чанар болон холболтыг завсрын зайлшгүй холбогчгүйгээр чөлөөтэй тодорхойлох боломжтой сүлжээнүүд юм. Александр Галлоуэй өөрийн протоколуудын боломж чадварын тухай номондоо дурдсанчлан түгээх сүлжээнүүд нь холбогч зайлшгүй шаардлагатай болдог төвөөс салаалсан сүлжээнүүдээс ялгаатай юм. P2P нь эрх мэдлийг түгээх болон нөөц баялагт нэвтрэх эрхийг хуваарилах зарчим дээр тулгуурласан байдаг. АНУ-ын нисэх онгоцны систем гэх мэт төвөөс салаалсан сүлжээнүүдийн хувьд онгоцнууд нь тодорхой холбох цэгээр зайлшгүй дайрч өнгөрөх ёстой болдог бол интернет буюу хурдны авто замын сүлжээтэй адил түгээх системүүдийн хувьд холбогч цэг байж болох боловч агентууд зайлшгүй түүгээр дамжих шаардлагагүй бөгөөд тойрон гарч болох юм.

P2P төслүүд нь тэгш боломж буюу “урдчилан магадлалгүй” байх чанараараа онцлогтой. Энэ нь оролцооны урдчилсан сонголт байхгүй гэсэн үг юм. Хамтран ажиллах боломж чадвар нь хамтран ажиллагааны үйл явцад магадлан итгэмжлэгдэнэ. Тиймээс төслүүд нь төсөлд нэмэр хандив болох чадвар бүхий бүх хандагчдад нээлттэй байх юм. Эдгээр ур чадварууд нь үйлдвэрлэлийн үйл явцад батлагдаж, олон нийтээр баталгааждаг. Тухайлбал энэхүү үйл явцыг иргэний сэтгүүл зүй гэх мэт нээлттэй хэвлэн нийтлэх төслүүдээс харж болно: хүн бүр хэвлэн нийтэлж болох боловч уг нийтлэлүүдийн үнэн зөвийг хүн бүр баталгаажуулдаг бөгөөд нэр хүндийн систем нь олон нийтийн баталгаажуулалтад ашиглагдана. Хяналт шүүлтүүр нь зайлшгүй бус хоёрдугаар зэргийн асуудал юм. Тиймээс урдчилан магадлалгүй байх зарчим нь итгэл хүлээлгэлт оролцооны гол шаардлага болдог редакторлах буюу мэргэжил нэгт нөхдөөр баталгаажуулах уламжлалаас эрс ялгаатай юм.

P2P төслүүд нь нийтээр харах буюу холоптизм чанартай. Холоптизм гэдэг нь бүх оролцогчид бусад оролцогчдын мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжтой (хувийн нууцлалын мэдээлэл бус харин тэдний оршин тогтнол, нэмэр хандивын талаар), өөрөөр хэлбэл хэвтээ тэнхлэгийн мэдээлэлд нэвтрэх, түүнчлэн босоо тэнхлэгийн мэдээлэл буюу төслийн зорилго, хэмжүүрүүд, баримт бичигтэй танилцах боломж, загвар бүхий зохион байгуулалтыг хэлнэ. Үүнийг паноптизм буюу шаталсан төслүүдийн шинж чанартай харьцуулж болно: энд үйл явц “нийт” мэдлэгийг элитүүдэд зориулан хадгалж байхад зориулан зохион байгуулагдсан байдаг бөгөөд оролцогчид зөвхөн “мэдэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр мэдээлэлд нэвтрэх эрхтэй байдаг. Харилцаа нь дээрээс доош чиглэсэн бус бөгөөд хатуу тогтсон илтгэн мэдээлэх журамд үндэслэдэг боловч хариу өгөх үйлдэл нь системтэй бөгөөд хамтарсан системийн протоколд нэгтгэгдсэн байдаг.

Дээрх шинж чанар нь нөхөдийн үйлдвэрлэлийн шинж чанарын сулруулдаггүй. Ямар ч атугай дараагийн хэсэгт бид өөрсдийн судалгааг бусад үйлдвэрлэлийн арга хэлбэрүүдтэй харьцуулсан үзье.


P2P болон бусад үйлдвэрлэлийн арга хэлбэрүүд

Бидний харьцуулалтын загвар нь антропологич Алан Пэйж Фискегийн гол бүтээл болох “Нийгмийн амьдралын бүтэц” номонд тодорхойлсон Харьцангуй загваруудын онол байх болно. Нэгэнт үйлдвэрлэлийн арга зам нь субьект хоорондын харилцаанд тусгалаа олсон буюу тэдгээр нь субьектуудын тодорхой нийлэмжүүдээр ялгарах тул мөнхүү P2P –ын шаардлагатай загварчлалыг бий болгох болно. Фискегийн дурдсанаар цаг хугацаа, орон зайн туршид хүчин төгөлдөр дөрвөн гол субьект хоорондын харилцаа байдаг. Үүнд:

“Бүхий л соёл иргэншил дэх хүмүүс нийгмийн харилцаагаа зохицууладаг ердөө л дөрвөн гол үндсэн загвар байдаг. Эдгээр загварууд нь Нийтээр хуваалцах, Эрх мэдлээр эрэмбэлэх, Тэгш Тааруулах, Зах зээлээр Үнэлэх болно. Нийтээр хуваалцах (НХ) гэдэг нь хүмүүс аливаа хоёр зүйл буюу ямар нэгэн бүлэгийг тухайн нийгмийн хүрээнд эн тэнцүү буюу ялгаваргүй гэж үзэж харьцахыг хэлнэ. Жишээлбэл нийтийн өмчийг ашиглаж буй хүмүүс (НХ нь тодорхой нөөц баялгийн ашиглалтын хувьд), дурлалт хос (НХ нь нийгмийн үүр ролийн хувьд), “маргааш чиний ээлж ч ирж магадгүй” гэж үздэг хүмүүс (НХ нь зовлон гуниг, баяр баясгаланг хуваалцах талаар), эсвэл дайралтанд хариу өгөхийн тулд дайсагнагч бүлгийн ямар ч гишүүнийг ялгаваргүй алах (НХ нь нийтээр хариуцлага хүлээлгэхийн хувьд)явдал гэх мэт. Эрх мэдлээр эрэмбэлэх (ЭЭ) харилцаанд хүмүүс шугаман шатлалд тэгш бус байр суурь эзлэх бөгөөд доодох шатныхан нь хоёрдугаарт тавигдаж, дээдсээ хүндэлж, шийдвэрийг биелүүлдэг бол дээд шатныхан нь тэргүүн зэрэгт тавигдаж, доодчуулынхаа төлөө хоньчины үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүний жишээ нь цэрэг армийн шатлал (ЭЭ нь шийдвэр гаргах, хянах, болон бусад олон зүйлийн хувьд), өвөг дээдсээ тахин шүтэхэд (ЭЭ нь үр хүүхдийн эцэг эхдээ хүлээх үүрэг, түүний олон нийтэд тогтсон үзэл бодол, хамгаалал, хэрэгжүүлэлтийн хувьд), ганц бурхныг шүтдэг шашны ёсзүй (ЭЭ нь Бурханы зарлиг хүслийн номлолоос шалтгаалан буруу, зөвийг тодорхойлохын хувьд), анги давхарга болон яс үндэс гэх мэт нийгмийн гарал байдлын систем (ЭЭ нь тухайн хүний мөн чанарын нийгмийн үнэлэмжийн хувьд), түүнчлэн спортын багийн байр суурийг эрэмбэлэхэд (ЭЭ нь нэр хүндийн хувьд) гэх мэт. ЭЭ харилцаа нь хууль ёсны тэгш бус байдлын ойлголт дээр тулгуурласан бөгөөд, харин хүчээр түрэмгийлэх бус юм: тэдгээр нь хэдийгээр эрх мэдэл ашиглаж хохирол учруулж болох боловч уг чанараараа ашиглан мөлжигч бус юм. Тэгш Тааруулах харилцаанд хүмүүс оролцогчдын хоорондын тэнцвэртэй байдал буюу ялгааг хянаж, тэнцвэрийг сэргээхэд юу шаардлагатай болохыг мэдэж байдаг. Үүний түгээмэл хэлбэрүүд нь ээлж сэлгэх, нэг хүн нэг санал өгөх сонгууль, тэнцүү хувь оноох хуваарилалт, нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэж хариу авах зэрэг юм. Жишээлбэл спорт болон тэмцээнүүд (ТТ нь дүрэм, журам, тоног хэрэгсэл болон талбайн хувьд), хүүхэд харах нөхөрлөлүүд (ТТ нь хүүхдийг ээлжлэн харахад), эд материалыг нөхөн төлөхөд (согогийг залруулах) гэх мэт. Зах зээлээр үнэлэх харилцаа нь үнэ, цалин, хүү, түрээс, татвар, өртөг ашгийн дүн шинжилгээ гэх мэт нийгэмд дүйцсэн утга бүхий харьцаа буюу ханшинд тулгуурладаг. Мөнгө үүний арга хэрэгсэл байх шаардлагагүй бөгөөд зөвхөн ЗҮ харилцаанд зайлшгүй хувиа хичээх, өрсөлдөх, ашиг өсгөх буюу эд материалсаг байх шаардлагагүй, харин дээрх дөрвөн загварын аль алинд дээрх шинж чанарууд илэрч болно. ЗҮ нь харилцаа нь хувь хүнд тулгуурласан байх шаардлагагүй: жишээлбэл гэр бүл нь бусад аж ахуйн нэгжүүдтэй ЗҮ-ний арга хэлбэрээр харьцаж бизнес эрхэлдэг НХ буюу ЭЭ - ийн нэгж байж болох юм. ЗҮ-ний жишээ нь худалдаж, зарж, хөрөнгө оруулах капиталд тооцож болох эд хөрөнгө (ЗҮ нь газар болон бусад эд зүйлсийн хувьд), хосуудын хувьд өртөг ашигийн хувьд шууд бусаар буюу гэрээгээр зохион байгуулагдсан гэрлэлтүүд, биеэ үнэлэлт (ЗҮ харилцаа секс), засаг захиргаанаас тогтоосон өртөг үнэлгээний стандарт нормууд (ЗҮ нь нөөцийн хуваарилалтын хувьд), хамгийн олонход хамгийн сайныг гэсэн ютилитари үзэл буюу оруулсан хандивын хувиар эзэмших эрхийг тогтоох тэгш эрхийн стандарт (дээрх хоёр үзэлийн ёс суртахуун нь ЗҮ), “цагийн үр ашигтай өнгөрөөх” номлол болон амь устгах эрчийг тооцох (ЗҮ нь дайралт) гэх мэт”. (Эх сурвалж: Фискегийн вэбсайт )


Бүх нийгэм буюу соёл иргэншил нь дээрх дөрвөн хэлбэрийн холилдоон боловч гэхдээ нэг хэлбэр нь нөгөөгөөсөө илүү давамгайлж, бусад хоёрдогч арга хэлбэрүүддээ нөлөөлж байдаг гэж үзэж болох талтай. Түүхээс үзэхэд, эхний давамгайлагч хэлбэр нь хамаатан садан буюу ураг төрөлийн холбоонд тулгуурласан харилцан солилцох, өөрөөр хэлбэр овог аймгуудын бэлэг солилцох аж ахуйн хэлбэр байв. Гол харилцааны шинж чанар нь тодорхой бүлэгт “хамаарал” байв. Бэлэг солилцох нь хамаатан саднаас цаашлах үүрэг харилцааг бий болгож, арилжаа солилцооны өргөн хүрээг бий болгож байв. Хөдөө аж ахуйн буюу феодалын шинжит нийгэмд эзэндээ үнэнч байх шалгуурт тулгуурласан эрх мэдлээр эрэмбэлэх хэлбэр давамгайлж байв. Эцэст нь капиталист эдийн засгийн үед зах зээлийн үнэлгээ өнөөгийн гол давамгайлах арга хэлбэр болоод буйг ойлгоход тийм ч хэцүү бус билээ.


P2P болон бэлэг солилцооны нийгэм

P2P нь Ричард Барбрукийн тодорхойлсончлон “бэлэг солилцооны” нийгэм гэж олонтаа нэрлэгддэг. Гэвч бид үүнийг төөрөгдүүлсэн ойлголт гэж үзэж байна. Үүний гол шалтгаан нь нөхдөөс нөхдөд харилцаа бол тэгш тааруулах харилцаа бус бөгөөд харилцан солилцоон дээр суурилаагүй юм. P2P нь “хүн бүр өөрийн боломж, хүслийн хэрээр нэмэрлэнэ, мөн хэрэгцээний хэрээр хүртэнэ” гэсэн зарчмаар явагддаг. Харин тэнцүү өгөө аваа байдаггүй. Нөхөд үйлдвэрлэлийн цэвэр дээд хэлбэрт продюсерүүд төлбөр авахгүй бөгөөд үүнийг хийвэл түүнийг өгнө гэсэн дүрэм байхгүй. Тиймээс, хэрэвзээ энэхүү “бэлэг өгөх явдал” нь харилцан солилцоон дээр тулгуурлаагүй бол нөхөд үйлдвэрлэлийн хэрэглээний үнэ цэнэ нь эсрэг үүрэг хариуцлагыг бий болгохгүй. Нөхрөөс нөхөрт харилцаа нь Орон нутгийн Солилцооны Худалдааны Систем (Local Exchange Trading Systems) болон харилцан солилцоонд тулгуурласан нэмэлт арилжааны хэрэгсэл гэх мэт шинэ хэлбэрийн бэлэг солилцооны эдийн засагтай нэг зэрэг үүсч бий болж байгаа боловч дээрхүүдийг нөхөд үйлдвэрлэл гэж үзэхгүй юм.

Харин тэгш тааруулах, нийтээр хуваарилах хэлбэрүүд нь бэлэг солилцох агуулгаас урган гарсан тул тэд нэг нэгийгээ нөхөн гүйцэлдүүлэхгүй байна гэж үзэж болохгүй. Харин нөхөд үйлдвэрлэл оруулах зардал нь чөлөөт цаг, цахим техникийн нөөцийн боломжит илүүдэл ашиг болох материаллаг бус баялгийн хүрээнд хамгийн амархан биеллээ олж болох юм. Тэгш тааруулах, харилцан солилцоонд тулгуурласан загвар, хамтарсан үйлдвэрлэл нь капиталын өртөг нэмэгддэг материаллаг баялгийн хүрээнд зайлшгүй шаардлагатай. Одоогоор нөхөд үйлдвэрлэл нь оролцогчдынхоо материаллаг ахуйд ямар нэгэн шийдэл амлаагүй. Тиймээс эрх тэгш нийгмийн үзлийг талархан үзэгч олон хүмүүс хоршоолсон үйлдвэрлэл, нийгмийн аж ахуй гэх мэт бусад орлого олохоос гадна өөрсдийн оюуны үнэлэмжийг хүндэлж хадгалж болох загваруудад хорогдож болох юм.


P2P болон нийгмийн шатлал

P2P нь эрэмбэ шат, бүтэц зохион байгуулалтгүй бус харин хийсэн бүтээсэн ач гавъяан дээр тулгуурласан, бүх нийтээр оролцох боломж олгосон уян хатан шатлалтай байх онцлогтой. Удирдан залуурдах явдал мөн “хуваарилагдсан” байна. Ихэвчлэн P2P төслүүдийг төслийн үндсэн зорилтуудыг илэрхийлэгч, мөн тодорхой хэсэг бүр дээр ажиллагч олон тооны хувь хүмүүс, бичил багуудыг зохицуулагч гол үндэслэн байгуулагчид нь удирддаг. Тэдний удирдах эрх нь тэдний төсөлийг байгуулахад оруулсан хувь нэмэр, тэдний цаашид төсөлтэй үргэлжлүүлэн ажиллаж байгаа байдлаас үүсэн бий болдог. Нөхөд төслүүд нь заримдаа “элгэмсүү дарангуйлал” гэж нэрлэгддэг нь үнэн боловч, хамтран ажиллах зарчим нь бүхэлдээ сайн дурын бөгөөд ийм сайн дурын төслүүдийн цаашидын оршин тогтнол нь тухайн бүлгийн оролцогчдын санал бодолд тулгууладаг бөгөөд “салаалалт” буюу шинэ бие даасан төсөл байгуулах нь үргэлж нээлттэй байдгийг мартаж болохгүй.

Эрх мэдэл болон оролцооны хоорондын харилцаа, түүний түүхэн хувьсалыг Жон Херон хамгийн оновчтойгоор дараах маягаар дүрсэлсэн байдаг. Үүнд:

"Ёс суртахууны ойлголтын зэрэгт тулгуурласан доод тал нь дөрвөн янзын соёлын хөгжлийн зэрэг байна. Үүнд:

(1) хүний эрх хязгаарлагдмал доромж байдалд орших бөгөөд улс төрийн оролцоо байхгүй нэг хүний хэмжээлшгүй эрхт засаглал бүхий нийгмийн соёл,

(2) улс төрийн оролцоог төлөөллөөр хэрэгжүүлдэг боловч хүмүүс шийдвэр гаргах болон судалгаа, шашин, боловсрол, аж үйлдвэрлэл гэх мэт бусад амьдралын хүрээнд маш хязгаарлагдмал оролцоотой явцуу ардчилсан нийгмийн соёл,

(3) улс төрийн оролцоо болон бусад өргөн хүрээний төрөл бүрийн оролцоог хэрэгжүүлэгч өргөн хүрээт арчилсан нийгмийн соёл,

(4) хүний үйл ажиллагааны бүх салбарт хүн бүр эн тэнцүү оролцох эрх бүхий эрх чөлөө болон элбэг хангалуун байдалд чиглэсэн глобал сүлжээн дэх олон нийтийн p2p нийгмийн соёл”


Түүнчлэн Херон "Энэхүү дөрвөн зэргийг шаталсан байдал, хамтын ажиллагаа, хараат бус байдалын харьцааны хувьд доорх маягаар тодорхойлж болно” гэжээ.

(1) Хараат бус байдал, хамтран ажиллах байдалыг нийгмийн шатлал тодорхойлж, хянаж, саад учруулдаг,

(2) Нийгмийн шатлал нь зөвхөн улс төрийн хүрээн дэх хараат бус байдал болон хамтын ажиллагааны хэмжүүрийг бэхжүүлнэ,

(3) Нийгмийн шатлал нь улс төрийн хүрээ болон бусад төрөл бүрийн хүрээн дэх хараат бус байдал болон хамтын ажиллагааны хэмжүүрийг бэхжүүлнэ,

(4) Нийгмийн шатлалын цорын ганц үүрэг нь хүний үйл ажиллагааны бүх салбарт хараат бус байдалтай хамтын ажиллагааг үүсгэн, цаашид цэцэглэн хөгжүүлэх явдлыг зэрэг бий болгохд оршино .


P2P болон нийтээр хуваан эзэмших

Хүмүүс P2P-т ажиллахдаа ‘коммунист зарчимаар’ бол “хүн бүрээс чадлынх нь хирээр, хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр” буюу сайн дураар, нийтийн хүчээр нийтийн баялгийг бий болгодог. P2P төслүүдийн бүтээсэн хэрэглээний үнэ цэнэ нь чөлөөт хамтын ажиллагааны үндсэн дээр бий болдог бөгөөд үйлдвэрлэгчид аливаа албадлагагүй оролцож, хэрэгжлэгчид үр дүнд нь бий болсон хэрэглээний үнэт зүйлийг чөлөөтэй авч хэрэглэдэг. Бидний дээр дурдсан хууль эрхзүйн дэд бүтцийн дагуу энэ нь “Мэдээллийн нийтийн баялаг”-ийг бүтээдэг. Энэхүү шинэ нийтийн баялаг нь хуучин нийтийн баялгийн хэлбэртэй (тухайлбал дундад зууны тариачны хамжлагат ёсны үед байсан нийтийн газар буюу аж үйлдвэрийн эрин үеийн ажилчдын хоёрдмол байдал)уялдаа холбоотой байх боловч нөгөө талаар гол нь нэлэнхүйдээ материаллаг бус байдалаараа ялгарна: хуучин нийтийн баялаг нь тодорхой нутаг байршилтай, заримдаа тодорхой бүлэгүүд хянаж удирддаг байсан бол шинэ нийтийн баялаг нь түгээмэл олдоцтой, дэлхий дахины кибер-бүлгүүд буюу ихэвчлэн нэг сонирхол бүхий бүлгүүд хянан зохион байгуулна. Шинэ нийтийн баялаг нь элбэг дэлбэг нөхцөлд өрсөлдөөнт бус баялагууд байдаг бол, хуучин биет нийтийн баялагууд нь (агаар, ус, гэх мэт) ховордож хомсдсон нөхцөлд оршиж, улам бүр дэглэм журамд орж байгаа болно.


P2P болон зах зээл: P2P-ийн дотоод орших чанар болон ангид орших чанар

P2P болон зах зээл

Зөвхөн хувь хүмүүс өөрсдийн сонирхолын дагуу чөлөөтэйгээр хувь нэмэрээ оруулах буюу хэрэгцээтэй зүйлсээ авах үйл явцыг үл үзэгдэх гар аливаа мөнгөний механизмгүйгээр нийлүүлэн зохион байгуулж буй гэсэн утгаар нь P2P солилцоог зах зээл гэж үзэж болно. Гэвч эдгээр нь уг үгийн аль ч бодит утгаар авч үзсэн жинхэнэ зах зээлийн шинжийг агуулаагүй: нөөц баялгийг хуваарилах талаар шийдвэр гаргалтад зах зээлийн үнэлгээ болон менежерийн эрх мэдэл аль аль нь шаардлагагүй юм. Түүнчлэн доорх бусад ялгаанууд байна:

- Зах зээл нь нийтийн хараа болон олон нийтийн оюун ухааны шалгуурын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд харин шавжийн сүрэг маягийн хуулбарлах оюун ухаанаар ажилладаг. Хэдийгээр тархмал орчинд бие даасан агентууд байх боловч тэд бүгд зөвхөн өөрийн шууд ашгийг л хардаг.

- Зах зээл нь нэгдмэл бус “саармаг” хамтын ажиллагаанд суурилсан байдаг: энэ үед харилцан солилцоо бий болдоггүй.

- Зах зээл нь шууд хэрэглээний үнэ цэнэ бус арилжааны үнэ болон ашиг дээр тулгуурлан ажилладаг.

- P2P нь бүрэн оролцоог зорилт болгодог бол зах зээлийн систем нь зөвхөн худалдан авах чадвар бүхий хүмүүсийн хэрэгцээг хангадаг.

Зах зээлийн харилцааны дутагдалтай талууд нь:

- Энэ нь үйлчилгээний төлбөрийг бүрэн баталгаажуулаагүй олон нийтийн хэрэгцээний үйлчилгээг сайтар хангадаж чаддаггүй (тухайлбал батлан хамгаалах, ерөнхий цагдаагийн хэрэг, боловсрол болон нийтийн эрүүл мэнд), түүнчлэн сөрөг үр дагаварын өртгийн үнэлгээг оролцуулан тооцож чаддаггүй (байгаль орчин, нийгмийн зардал, ирээдүй хойч үе), харин ч идэвхитэйгээр буруушаадаг байна.

- Нэгэнт нээлттэй зах зээл нь ашиг болон цалин хөлсийг бууруулах хандлагатай болохоор олигополи болон монополиуд өөрсдийн давуу байр суурийг ашиглан төр засгаар зах зээлийг өөрсдийн эрх ашигт “тохируулан засварлах” –ын төлөө тэмцэлдэж байдаг сөрөг зах зээлүүдийг үүсгэж байдаг.


P2P болон капитализм

Дээрх ялгаануудыг үл харгалзан P2P болон капиталист зах зээлийн эдийн засаг нь хоорондоо нягт холбоотой байдаг. P2P нь зах зээлээс хамаарах бөгөөд зах зээл ч мөн P2P –ээс хамаарна.

Нөхөд үйлдвэрлэл нь зах зээлээс ихээр хамааралтай байна. Учир нь нөхөд үйлдвэрлэл нь голлон материаллаг бус үйлдвэрлэлээр дамжуулан өөрийн үйлдвэрлэгчдэд шууд орлого оруулалгүйгээр хэрэглээний үнэ цэнийг буй болгодог. Хэдийгээр оролцогчид нөхөд үйлдвэрлэлээр амь зуулга хийх боломжгүй боловч оюуны үнэлэмж, утга учрыг хүртэж болох бөгөөд энэ нь зах зээлд суурилсан ашиг орлого олох нэг зам болж, үр ашиг, өгөөжийн хувьд өрсөлдөх боломжтой юм. Тиймээс: 1) зах зээл үйлдвэрлэлийн бүх хэсгийг хамардаг бол нөхөд үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэгийг хамарна; 2) нөхөд үйлдвэрлэлийн продюсерүүд нь зах зээлээс хангаж буй орлогоос хамааралтай. Өнөөг хүртэл нөхөд үйлдвэрлэл нь зах зээлийн орон зайд бий болсоор ирсэн билээ.

Гэвч нөгөө талаар зах зээл болон капитализм P2P-ээс мөн адил хамааралтай. Зах зээл нь түгээх сүлжээ, нэн ялангуяа P2P-ийн дэд бүтэц болох комьпютер, холбоо харилцааны технологиос хамааралтай систем болон хувирсан. Үр ашигтай ажиллах нь ихэвчлэн нөхөд үйлдвэрлэлийн удирдлагаас төрөн гарах багаар хамтран ажиллахаас ихээхэн шалтгаалах болсон билээ. Томоохон мэдээллийн технологийн компаниудаас нээлттэй эх сурвалж бүхий холбоо харилцааг хөгжүүлэхэд олгож буй дэмжлэг нь тэр ч бүү хэл шинэ олон нийтийн баялгийн зарчимаас гаралтай хэрэглээний гэрч баталгаа болж байна. Ерөнхий бизнесийн загвар нь бизнес P2P дээр “вэб эрэлхийлэл хийж” буйг санагдуулах бөгөөд энэ нь төрөл бүрийн үйлчилгээгээр арилжааны үнэ дээр дагавар болгон өгөх нэмэгдэл ашигийн үнийг бий болгож байна. Гэвч, арилжааны бус програм, нээлттэй эх сурвалжуудыг аливаа бизнес дэмжих нь нэгэн сонирхолтой асуудлыг үүсгэж байна: корпорациар спонсорлуулсан буюу бүр удирдуулсан арилжааны бус буюу нээлттэй эх сурвалж бүхий програм нь (FS/OS software) 'P2P' хэвээр байхуу? Хариулт нь: зөвхөн зарим талаар. Хэрэв GPL (Ерөнхий олон нийтийн лиценз) буюу нь OSI (Нээлттэй эх сурвалжын мэдээлэл)-ийн хууль эрхзүйн бүтэц загварыг ашиглавал энэ нь нийтийн эзэмшлийн зарчмыг бий болгоно. Харин хэрвээ нөхөд үйлдвэрлэлийн продюсерүүд нь үүнээс олж буй орлогоосоо хамааралтай болж, үйлдвэрлэл нь корпорацийн шаталсан удирдлагад баригдвал энэ нь цаашид нөхөд үйлдвэрлэл болох чанараа алдана. Иймээс капиталист хүч нь ихэвчлэн P2P-ын бүрэн бус хэрэгжилтийг ашиглана. Харин P2P –ийн дэд бүтцийг тодорхой зорилготой, идэвхитэй ашиглах, хамтран ажиллах туршлага зэрэг нь зөвхөн уг түүхийн нэг хэсэг нь л юм. Үнэн хэрэгтээ орчин үеийн капитализмын P2P –ээс шалтгаалсан байдал нь зөвхөн бүтцийнх юм. Капитализмын оршин тогтнож буй бүхэл дэд бүтэц уналтад ороход энэ нь P2P –ийн туршлагыг бий болгож, түүнээс хамааралтай болж байна. “Танин мэдэхүйн капитализм” (cognitive capitalism) –ын франц-италийн сургуулийнхан “өнөөдөр үнэ цэнийг бүтээх нь аж ахуйн нэгжийн хэрэг бус харин өөрсдийн амьдралын турш сурсан мэдлэг, туршлага болон системтэй хэлхээ холбоонд тулгуурлан аж ахуйн нэгжийн дотор болон түүнгүйгээр үргэлжид шинийг санаачлан бүтээгч байдаг мэдлэгийн мэргэжилтнүүдийн масс оюун ухааны ачаар бий болж байгаа” хэмээх маш оновчтой тодорхойлсон байдаг. Энэ нь бид P2P –ийн хүрээг цаашид нийгэмд бүхэлд нь өргөжин тэлэхэд ганц шийдвэрлэх зүйл нь “нэгдсэн үндсэн орлого” (the universal basic income) хэмээн үзэж буйг бататгах маш их ач холбогдолтой мэтгэлцээн юм. Зөвхөн ажил болон цалингийн бүтэц хараат бус байсан тохиолдолд нөхөд үйлдвэрлэлийн продюсерүүд өндөр үр дүнтэй хэрэглээний үнэ цэнийг буй болгох боломж бүрдэнэ.

Энэ бүхэн нь нөхөд үйлдвэрлэл нь зөвхөн өнөөгийн тогтолцооны дотоод орших шинж чанартай буюу энэ нь капитализмаас ангид гадна орших боломжгүй гэсэн үг үү?


P2P болон нетархистууд

Бидний дээр дурдсан ерөнхий харилцаанаас илүү тодорхойгоор нөхөдөөс нөхдөд үйл явц нь түгээх капитализмын илүү нарийн тодорхой хэлбэрт хувь нэмэрээ оруулж байна. Нээлттэй эх сурвалж бүхий компьютерийн программыг бизнест өргөн далайцтайгаар ашиглаж байгаа бөгөөд үүнийг хамтарсан капитал, IBM мэтийн томоохон мэдээллийн технологийн компаниуд дэмжиж, Микрософт болон Оракл зэрэг компаниудын урд нь монопольчилж байсан рентийг үлэмж бууруулах компьютерийн программын түгээх талбарыг бий болгосон бөгөөд мөн Скайп, Войп зэрэг нь холбоо харилцааны дэд бүтцийг үлэмж хэмжээгээр түгээлцэх болсон билээ. Түүнчлэн энэ нь үндсэндээ төлбөргүй FS/OS програмчлалын модельд тулгуурлан үйлчилгээнд төвлөрсөн, бүтээгдэхүүнээс “ангид орших” шинэ бизнесийн загвар буйг харуулж байна. Аж үйлдвэрүүд нь аажмаар өөрсдийгөө хэрэглэгчидээс санаачилсан шинэ санаачлагыг тусган нэгтгэхээр болгон өөрчилж байгаа бөгөөд шинээр дахин-зохицуулалт нь хэрэглэгчийн үүсгэсэн мэдээллийн хэрэгсэлийн орчмоор тохиолдох магадлалтай. Олон мэдлэгийн мэргэжилтнүүд корпорацийн бус замыг сонгож улам бүр нарийсч буй нийтийн оролцооны дэд бүтэц буюу нэг төрлийн олон нийтийг хамарсан дижитал нөөцөд тулгуурлан бичил үйлдвэрлэгчид болж байгаа билээ.

Ашигийн төлөөх хүчнүүд нь энэхүү шинэ дэд ангийг төлөөлсөн шинэ оролцооны талбарыг барьж байгуулан, боломж олгож байгаа бөгөөд энэ шинэ ангийг би нетархийн анги (netarchical class) хэмээн нэрлэж байна. Хэрвээ танин мэдэхүйн капитализм нь биет аж үйлдвэрийн өмч баялгаас илүү оюуны өмчийг илүүд тависнаар тодорхойлогддог, иймээс интернет протоколуудын монополь рент авах эрхийг өргөжүүлэхээс хамааралтай бөгөөд хэрвээ Маккензи Уаркийн тодорхойлсон вектор капиталистууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн векторуудыг хяналтандаа авсанаар хүч чадлаа олдог бол харин шинэ нетархи капиталистууд нь өөрсдийн хүч чадлыг олон нийтийн оролцоотой сүлжээг бий болгож, ашигласнаас олдог. Жишээлбэл Amazon хэрхэн хэрэглэгчдийн бичсэн санал дүгнэлтэд тулгуурлан өөрийгөө бий болгосон болон eBay хэрхэн дэлхий дахинд тархсан дуудлага худалдааны талбараас ашиг олдог, хэрхэн Google хэрэглэгчдийн үүсгэсэн мэдээллүүдээр ажилладаг болохыг бодоод үз. Хэдийгээр эдгээр компаниуд нь хэдэн илүү доллараар худалдаж авсан интернет протоколын эрх дээр оршиж байж болох боловч тэдний жинхэнэ хүч чадалын цөм нь тэрхүү хэрэглэгчдийн талбарыг эзэмшиж байдагт оршино.

Илүү өргөн хүрээнд нетархийн капитализм нь нөхдөөс нөхдөд үйлдвэрлэлийн хувьсгалыг тосож авах суурь бөгөөд үзэл баримтлалын хувьд хүний боломж чадварын чанад туйлд хүрэх бүх хүчин чадлууд хэмээн тодорхойлж болох юм. Энэ нь нөхдөөс нөхөдийн капиталист нийгмийн дотоод шинж чанараас давж гарах хүчнүүд юм. Үүнтэй сөргөлдүүлбэл, хэдийгээр P2P –тэй зуурын түншлэлээр холбогдсон боловч нөхдөөс нөхөд үйлдвэрлэлийн гадаад хүчин чадалд буюу зах зээлийн дарангуйллаас ангид улс төрийн эдийн засгийн шинэчлэлд итгэлээ хүлээлгэсэн нийтийн эзэмшил буюу коммон-измын хүчнүүд юм.


P2P-ийн капиталист нийгмээс ангид шинж чанар

Үнэн хэрэгтээ нөхдөөс нөхдийн дотоод орших шинж чанарын талаар бидний эргэцүүлэл, хэрхэн энэ нь нэгэн зэрэг капитализмаас хамааралтай бөгөөд бүтээгдсэн болох нь түүний мөн чанарыг сулруулахгүй юм. P2P –т ашигийн төлөөх нийгмийн тогтолцооны тавьсан хязгаараас давж гарах чухал ангид шинж чанар бий:

- нөхөд үйлдвэрлэл нь өөрсдийн үйлдвэрлэлийн арга хэлбэрийг ашиглах боломж бүхий продюсерүүдийн чөлөөт хамтын ажиллагааг үр ашигтайгаар бий болгодог бөгөөд төслүүдийн үр дүнд бий болсон хэрэглээний үнэ цэнэ нь ашигийн төлөө бий болсон бүтээгдэхүүнийг давж гардаг.

Түүхээс харахад нийгэмд иймэрхүү өндөр үр ашиг бүхий бүтээлүүд гарч ирэхэд хэдийгээр эдгээр нь эхэндээ хуучин үйлдвэрлэлийн системд суурилсан байсан ч тэдгээр нь эцэстээ гүн гүнзгий хувьсал, улс төр нийгмийн шинэчлэлтэд хүргэдэг. Феодалын системд тулгуурласан капиталист хэв загвар буй болсон нь үүний нэг жишээ юм. Ашигийн төлөөх нийгмийн тэргүүлэх салбаруудын үр ашигийн өсөлт тогтвортойгоор удааширч байгаа (хөгжимд патентаар дамжуулан) болон P2P үйлдвэрлэл болон файл хуваалцах туршлагыг хууль бус болгохоор оролдож байгаа нь үүний нэг тодорхой жишээ баримт юм.

- нөхөд засаглал нь зах зээл болон төр засгийн эрх мэдлийн аль алинаас нь ангид оршино.

- шинэ хэлбэрийн олон нийтийн өмчийн хэлбэр нь улсын болон хувийн өмч гэсэн загваруудын хязгаараас ангид оршиж, нийтийн нөөц баялгийн уян хатан салбарыг дахин бий болгож байна .

Үүнээс гадна капиталист үйлдвэрлэлийн нийгмийн хамаг ололт амжилтууд нь үнэн хэрэгтээ биологийн хүрээг заналхийлж, хүн төрөлхтөнд улам бүр сэтгэл зүйн болон бие махбодийн хохирол учруулж байгаа энэ үед энэхүү өөр боломжит хувилбар үүсч бий болж буй нь онцгой сонирхол татсан хэрэг бөгөөд олон тооны хүн амын шинэ соёлын хэрэгцээнд нийцэж байгаа билээ. Тиймээс нөхдөөс нөхөд тогтолцоо үүсч бий болох нь шинэ ажил хөдөлмөрийн ёс суртахуун (Пекка Химанены 'Хакерын ёс суртахуун'), оюун санааны судалгааны нөхөд хүрээ зэрэг шинэ соёл заншлын туршлага (Жон Хероны хамтарсан эрэл хайгуул) болон хамгийн гол нь түүний өргөжилтийг дэмжсэн шинэ улс төрийн болон нийгмийн хөдөлгөөнүүдийг дагалдуулна. Одоогоор эхлэлийн шатандаа хэвээр буй P2P хөдөлгөөн (чөлөөт програмчлал болон нээлттэй эх сурвалж хөдөлгөөнүүд, нээлттэй нэвтрэх эрх, чөлөөт соёлын хөдөлгөөн болон бусад) нь альтерглобализаци хөдөлгөөний бүтэц зохион байгуулалт, гол зорилгод тусгалаа олсон бөгөөд аж үйлдвэрийн эрийн үеийн социалист хөдөлгөөнтэй эн тэнцүү хэмжээнд хурдацтай очиж: өнөөгийн нийгэмийн байнгын өрсөлдөгч, өсөж буй шинэ нийгмийн хүч буюу ө.х. мэдлэгийн мэргэжилтнүүдийн илэрхийлэл болж байна.


Энэхүү нөхдөөс нөхдөд онолын гол зорилго нь дээрх хөдөлгөөнүүдийн хувиргагч үйл ажиллагаанд онолын суурь бүрдүүлэх бөгөөд мөн түүнчлэн шинэчлэгдсэн зах зээл болон төр засгийн дотор олон нийтийн төвлөрөлд тулгуурласан шинэ төрлийн нийгмийг бүтээх боломж хүн төрөлхтний өмнө буй гэсэн радикал ойлголтыг буй болгох гэсэн оролдлого юм.

Ийм онол нь нөхдөөс нөхдөд үйл явцын зүй тогтлоос гадна, мөн энэ нь бусад субьект хоорондын хүчин зүйлстэй хэрхэн тохирч буй, ө. х, энэ нь хэрхэн харилцан солилцох, зах зээлийн болон эрх мэдлээр эрэмбэлсэн нийгмийн загваруудад хэлбэржиж буй, түүнчлэн энэхүү хувьсал нь ямар оршихуй, танин мэдэхүй болон үнэлэмжийн хувьсалд үргэлжлэх болон P2P –ийн ямар боломжит эерэг мөн чанар байж болохыг зүй зохистой тайлбарлах шаардлагатай юм.

Энэхүү нөхдөөс нөхдөд онолын чухал бүрэлдэхүүн хэсэг нь энэхүү хувиргагч үйл ажиллагааны цаашдын замнал, стратегийг боловсруулах юм. Энд “нөхдөөс нөхдөд тогтолцоо нь өөрийн үүсч бий болсон материаллаг бус хүрээг давж өргөжих боломжтой юу” гэсэн гол асуулт урган гарч ирж байна.

P2P хэлбэрийн үйлдвэрлэлийн өргөжин тэлэлт

P2P нь өнөөгийн оршин буй зах зээлийн нийгмээс хамааралтай байгааг харгалзах үзвэл өнөөгийн өрсөлдөөнт бус материаллаг бус баялгийн хүрээнээс цааш өргөжин тэлэх ямар боломж байх вэ?

Энд дээрх боломжийн талаарх хэд хэдэн санал дэвшүүлж байна:

- P2P нь оюун ухаан, программын үйлдвэрлэлийн материаллаг бус хүрээнд оршихоос гадна мөн түгээх технологид нэвтрэх боломжтой салбар бүрт үүснэ, жишээлбэл: нөөц компьютерийн эргэлтүүд (spare computing cycles), түгээх телекоммуникаци болон бусад утсан холбогч сүлжсэн харилцаанууд

- P2P нь түүнчлэн бусад түгээх биет өмчийн хэлбэрүүдэд үүсэх боломжтой, жишээлбэл: АНУ-д хоёрдогч тээврийн арга зам болох карпулинг буюу нэг машиныг хамтран эзэмшиж ашиглах

- P2P нь загвар зохион бүтээх үйл явц нь биет үйлдвэрлэх үйл явцаас тусдаа байж болох үед үүсэх боломжтой. Загварчлах болон төлөвлөлтийн P2P үйл ажиллагаанаас хамаарсан үйлдвэрлэлийн асар том хөрөнгийн зардал зэрэгцэн оршиж болно.

- P2P нь санхүүгийн капитал түгээгдэх боломжтой үед үүсч болно. ZOPA банк зэрэг санаачлагчид энэхүү чиг хандлагыг зааж байна. Хамтран худалдан авах болон томоохон хөрөнгийг хамтран ашиглах нь боломж болж байна. Нээлттэй эх сурвалжийг хөгжүүлэхэд улсаас дэмжих, санхүүжүүлэх нь өөр нэг жишээ юм.

- P2P нь “нэгдсэн үндсэн орлого” (the universal basic income) – ыг нэвтрүүлсэнээр өргөжиж, тогтворжих боломжтой.

Сүүлийнх нь цалингаас гадуур орлогыг буй болгох бөгөөд P2P –ээс үүсэлтэй хэрэглээний үнэ цэнийн цаашдын хөгжлийг тогтворжуулах боломж бүрдүүлнэ. P2P –ийн бүрэн ажил эрхлэлтээс илүү “бүрэн үйл ажиллагаа” явуулах шинж чанараар дамжуулж үндсэн орлогын талаар далайцтай шинэ маргааныг дэвшүүлж байна: зөвхөн ядуурал, ажилгүйдлийн шийдвэрлэхэд төдийгүй хүний нийгмийн чухал шинэ хэрэглээний үнэ цэнийг бий болгоход үр нөлөөтэй юм.

Хэдийгээр хэрэглээний үнэ цэнийг үйлдвэрлэх, арилжих нь үйлдвэрлэлийн цорын ганц хэлбэр гэж үзэж болох боловч нөхдөөс нөхөд харилцааг өөрчлөгдөж хувирах үйл явцын нэг хэлбэр гэж үзэх нь илүү бодитой юм. Ийм дүр зургаас харахад нөхдөөс нөхөд нь бусад субьект хоорондын загваруудтай хамтран оршиж, мөнхүү тэдгээрийг цаашид гүн гүнзгий өөрчлөн хувиргах юм.

Нийтийн эзэмшилд тулгуурласан улс төр нийгмийн харилцаа нь нөхдөөс нөхөд загварт голлон түшиглэх боловч мөн дараах харилцаануудтай хамтран оршино:

- цаг хугацаанд тулгуурласан нэмэлт арилжааны хэрэгсэлийг нэвтрүүлсэнээр дахин идэвхижих хүчирхэг харилцан солилцоо (бэлэг солилцоо),

- Пол Хокен, Дэвид Кортен болон Хазел Хендерсон нарын тодорхойлсон “натурал капитализм” буюу байгалийн болон нийгмийн дахин үйлдвэрлэл нь бие биенээсээ ангид оршихоо байж, Херман Далигийн тодорхойлсоноор бүтээгдэхүүн боловсруулах норм биелүүлэх нь эдийн засгийн өсөлтийн шаардлага байхаа болих зах зээлийн солилцооны шинэчлэгдсэн хүрээ,

- олон оролцогч талуудын орчинд үйл ажиллагаа явуулдаг, корпорацийн ашиг сонирхолын дор ажиллахаа больсон бөгөөд олон нийт, зах зээл болон бэлгийн эдийн засгийн хооронд шударга зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх шинэчлэгдсэн төр засаг.

Энэхүү зорилтууд нь неолиберал үзэл баримтлалтын ноёрхолыг эцэс болгоход чиглэсэн зорьсон бөгөөд бөгөөд энэ зорилтыг удирдлага болгосон нийтийн оролцооны төлөөх буюу “коммон-ист” хөдөлгөөнүүдийг урам зоригжуулж байгаа билээ.


Эх сурвалжууд

Нэмэлт мэдээлэл:

P2P хөгжлийн олон хэлбэрүүд болон нэгдсэн мониторуудыг дараах хаягаар орж үзнэ үү: http://integralvisioning.org/index.php?topic=p2p

Цаашид дэлгэрэнгүй мэдээлэл болон энэ талаар бичиж буй номыг дараах вэб хуудаснаас орж үзнэ үү: http://integralvisioning.org/article.php?story=p2ptheory1

P2P альтернатив хөгжлийн сангийн вэб хуудас гүйцэтгэлийн шатандаа байгаа бөгөөд дараах хаягаар орж үзнэ үү: http://p2pfoundation.net/index.php/Manifesto


Ашигласан ном зохиол

Barbrook, Richard. Media Freedom. London: Pluto, 1995

Ferrer, Jorge N. Revisioning Transpersonal Theory: A Participatory Vision of Human Spirituality. Albany: SUNY, 2001

Fiske, Alan Page. Structures of Social Life. New York: Free Press, 1993

Gunderson, Lance H. and C.S. Holling. Panarchy: Understanding Transformations in Systems of Humans and Nature. Washington, D.C.: Island Press, 2001

Heron, John. Sacred Science. Llangarron, Ross-on-Wye, UK: PCCS Books, 1998

Galloway, Alexander . Protocol: How Control Exists After Decentralization Cambridge, Mass.: MIT Press, 2004

Himanen, Pekka. The Hacker Ethic and the Spirit of the Information Age. New York: Random House, 2002

Inglehart, Ronald. Culture Shift in Advanced Industrial Society. Princeton, N.J.: Princeton University Press, 1989

Kane, Pat. The Play Ethic: A Manifesto for a Different Way of Living. London: Macmillan, 2003

Lazzarato, Maurizio. Les Revolutions du Capitalisme.Paris: Les Empecheurs de Penser en Rond, 2004

Lessig, Lawrence. 1) The Future of Ideas. New York: Vintage, 2002; 2) Free Culture. New York: Penguin U.S.A., 2004

Raymond, Eric. The Cathedral and the Bazaar. Sebastopol, CA: O’Reilly, 2001

Sagot-Duvauroux, Jean-Louis. Pour la Gratuite. Paris: Desclee-De Brouwer, 1995

Sahlins, Marshall D. Stone Age Economics. Chicago: Aldine, 1972

Skolimowski, Henryk. The Participatory Mind. New York: Penguin USA, 1995

Skrbina, David. Panpsychism in the West. Cambridge, MA: MIT Press, 2005

Stallman, Richard. Free Software, Free Society. Boston, MA: GNU Press, 2002

Stewart, John. Evolution’s Arrow. Canberra: Chapman Press, 2000

Surowiecki, James. The Wisdom of Crowds. New York: Anchor, 2005

Tuomi, Ilkka. Networks of Innovation. Oxford: Oxford University Press, 2003

Vercelonne, Carlo, dir. Sommes-nous sorti du capitalisme industriel? Paris: La Dispute, 2003

von Hippel, Eric. The Democratization of Innovation. Cambridge, MA: MIT Press, 2004

Wark, McKenzie. A Hacker Manifesto. Cambridge, MA: Harvard University Press, 2004

Weber, Steve. The Success of Open Source. Cambridge, MA: Harvard University Press, 2004


Зохиогчийн талаар

Зохиогч Мишель Бауэнс нь өөрийн төрөлх Бельги улс дахь дижитал хувьсгалд гол үүрэг гүйцэтгэгчдийн нэгэн бөгөөд тэнд интернетийг анх нэвтрүүлэгчдийн нэг юм. Тэрбээр хоёр dot.com компанийг үндэслэн байгуулсан бөгөөд (интернет бизнес) мөн Бельгаком (Belgacom) хэмээх холбоо харилцааны компаний стратегийн захирал, АНУ-ын Марчферст (MarchFIRST) хэмээх вэб зөвлөгөө өгөх компаний ‘Оюун санааны манлайллын Европ менежер’ хэмээх албан тушаалд ажиллаж байсан болно. Тэрбээр 'Технокалипс: технологи болон хүний төгсгөлийн метафизик” хэмээх 3 цагийн телевизийн баримтат киног хамтран бүтээлцэж, франц хэл дээр “Дижитал ертөнцийн антропологи” –ийн тухай хоёр номыг хамтран бичилцэж, “Долгион” (Wave) хэмээх Фламанд хэл дээрх дижитал сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байв. Тэрээр одоо өөрийн P2P альтернатив хөгжлийн санг (The Foundation for P2P Alternatives) үндэслэн байгуулсан Тайланд улсын Чанг Май хотноо амьдарч байна. Тэр Бельги улсын Бруссель хот дахь Сент Луисын их сургуулийн (ICHEC/St. Louis) магистрант, докторантуудад Дижитал ертөнцийн антропологи хэмээх хичээл, мөн Тайландын Чанг Май хотын Паяап их сургуульд холбогдох курсуудыг зааж байсан.